Баянзүрх дүүргийн Засаг даргын Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай А/08 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021.01.14-ний 06:00 цагаас эхлэн 2021.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр боллоо.
"Тэг зогсолт" хийх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлш борлуулах цэг, худаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох аж.
Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, техникийн зах, эмнэлгийн гудамж орчмын оршин суугчдаас халдвар нэмж бүртгэгдэж байгаа учир дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дөнгөж сая мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудаас ирсэн санал, зөвлөмжийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 06:00 цагаас Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хөл хорио тогтоохоор боллоо. Хөл хорио нэгдүгээр сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулна. Иргэд өмнө нь шинжилгээнд хамрагдсан байсан ч дахин шинжилгээнд хамрагдах ёстой" гэлээ.
Хөл хорио тогтоосон хугацаанд явуулын болон суурин шинжилгээний 10 цэг байгуулж, тус хорооны харьяалалтай 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээ авна.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн Шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.
17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙНГЫН ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ
Мөн явуулын 6 цэг ажиллаж, хязгаарлалт тогтоосон хугацаанд өдөр бүр 08:30-18:30 цагийн хооронд шинжилгээ авна.