ШУУРХАЙ: Улаанбаатарт халдварын 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 14-ний байдлаар 10-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1479  боллоо. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээрийн долоо нь БЗД-ийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс, хоёр нь "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал байжээ. Харин нэг тохиолдол нь Афганистанаас ирсэн иргэнээс зөөвөрлөгдөн орж иржээ. Улаанбаатар хотод коронувирусний батлагдсан тохиолдол 652 болж, улсын хэмжээн дэх кластер өвчний нийт тохиолдлын тоо 978 хүрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 244 хүн эмчлүүлж байна. Өчигдөр шинээр оношлогдож ирсэн хавдартай нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Улаанбаатарт 10 голомт байгаагийн гурав нь өндөр идэхжилтэй байна. Ялангуяа БЗД-ийн 17-р хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнд халдвар тархсан байдал ажиглагдаж байна. БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэй. "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хоёр хүнээс халдвар нэмж бүртгэгдсэнээр тус эмнэлгээс улбаатай халдвар авсан хүний тоо 50 хүрлээ. Тэдгээрийн 22 нь эмч, эмнэлгийн ажилчид бол 28 нь гэр бүлийн болон бусад хавьтал байна" гэлээ.


 

Top