Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 14-ний байдлаар 10-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1479  боллоо. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээрийн долоо нь БЗД-ийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс, хоёр нь "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал байжээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 410 хүрчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатарт 10 голомт байгаагийн гурав нь өндөр идэхжилтэй байна.  Ялангуяа БЗД-ийн 17-р хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байна. Гэр бүлийн хүрээнд халдвар тархсан байдал нэлээд ажиглагдаж байна. Бүр тодруулбал, БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэй. "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хоёр хүнээс халдвар нэмж бүртгэгдсэнээр тус эмнэлгээс улбаатай халдвар авсан хүний тоо 50 хүрсэн. Тэдгээрийн 22 нь эмч, эмнэлгийн ажилчид бол 28 нь гэр бүлийн болон бусад хавьтал байна. БГД-ийн 5, 6-р хорооны хувьд 2176 хүнд шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрсэн. Энэ хүмүүс өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байсан" гэсэн мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотод коронувирусний батлагдсан тохиолдол 652 хүрч, улсын хэмжээн дэх кластер өвчний нийт тохиолдлын тоо 978 болсон байна. 

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 244 хүн эмчлүүлж байна. Өчигдөр шинээр оношлогдож ирсэн хавдартай нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ. 

Top