БЗД-ийн 17-р хороо, "Мөнххада" компаниас 12 тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн мэдээллээ хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857  хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлалх байранд байжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 664, улсын хэмжээний кластер голомт дахь халдварын тоо 990 хүрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ. 

Улсын хэмжээн дэх халдварын тоо 1491 хүрч, үүнээс 909 буюу 60,9 хувь нь эдгэрсэн тухай ЭМЯ мэдээллээ. Нийт 571 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Эдгээр хүмүүсээс 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. ХӨСҮТ-д 245 хүн байгаагийн хадвартай нэг өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд энэ хүн нь өчигдөр ХӨСҮТ-д хэвтжээ. 

Нийт өвчтөнүүдийг насны байдлаар авч үзвэл 0-101 насны хүмүүс байгаа аж. Эдгээрийн дийлэнхийг 24-49 насныхан эзэлж байгаа аж. 
 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр батлагдсан тохиолдлууд өмнө бие нь өвдөж, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явсан байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нэг өвчтөн 2-3 удаа очиж, үзүүлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100-гаад ажилтнаас шинжилгээ авлаа. Урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд халдвар авсан нэг хүн очиж үйлчилгээ авсан учир эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 хүнээс шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн "Энэрэл" эмнэлэгт нэг өвчтөн очсон байна. Тус эмнэлгийн 94 хүнд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар бүгдийнх нь хариу сөрөг гараад байна.

Батлагдсан тохиолдлын нэг хүн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг хүн байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй ажилтныг хяналтад авлаа. 

Одоогоор нийслэлд идэвхтэй үргэлжилж байгаа голомт гэвэл БЗД-ийн 17-р хороо байна. 17-р хороонд хэд хэдэн гэр бүлийн хүмүүс өвдсөн. Одоогоор 30-аад хүн тухайн хороонд халдварт өртсөн байна. Мөн тус хорооны залгаа 9-р хорооны хоёр гэр бүлийн хүн өвдсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна. Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр БЗД-ийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ. 
 

Top