БЗД-ийн 17-р хороонд ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД 30-аад хүн халдварт өртжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857  хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлах байранд байжээ.

Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн тул нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4-р хороонд тус тус 2-3 хоногийн хугацаатай хөл хорио тогтоон, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг, айл өрхүүдээс шинжилгээ авч байгаа билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр тухайн бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ "Одоогоор нийслэлд идэвхтэй үргэлжилж байгаа голомт гэвэл БЗД-ийн 17-р хороо байна. 17-р хороонд хэд хэдэн гэр бүлийн хүмүүс өвдсөн. Одоогоор 30-аад хүн тухайн хороонд халдварт өртсөн байна. Мөн тус хорооны залгаа 9-р хорооны хоёр гэр бүлийн хүн өвдсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна. Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр БЗД-ийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Баянгол дүүргийн 4-р хорооны тухайд тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байранд хязгаарлалт тогтоож, оршин суугчдыг коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамруулах ажлыг өчигдрөөс эхэлсэн ба явуулын 25 баг 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж дуусжээ. Нийт 5023 иргэнээс шинжилгээ авсан ба зарим хариу гараагүй, хүлээгдэж байна. Эхний ээлжинд 2000 орчим иргэний шинжилгэээг дүгнэхэд бүгд сөрөг гарчээ. 

Өнгөрсөн долоо хоногт тухайн бүсэд халдварын 16 тохиолдол батлагдсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top