Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857 хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн юм.
Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлах байранд байжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 664, улсын хэмжээний кластер голомт дахь халдварын тоо 990 хүрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ. Нийт 571 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Эдгээр хүмүүсээс 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. ХӨСҮТ-д 245 хүн байгаагийн хадвартай нэг өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд энэ хүн нь өчигдөр ХӨСҮТ-д хэвтжээ.
Нийт өвчтөнүүдийг насны байдлаар авч үзвэл 0-101 насны хүмүүс байгаа аж. Эдгээрийн дийлэнхийг 24-49 насныхан эзэлж байгаа аж.
Улсын хэмжээн дэх халдварын тоо 1491 хүрч, үүнээс 909 буюу 60,9 хувь нь эдгэрсэн тухай ЭМЯ мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )