БЗД-ийн 17-р хорооны 6 иргэнээс шинжилгээний явцад халдвар илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ. 

Тодруулбал, 
 

  • "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн тусгаарлалтад байсан 4 хүн, 
     
  • Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн 6 ажилтан,
     
  • Өргөжүүлсэн тандалт хийж буй Баянзүрх дүүргийн 17-р хорооны шинжилгээнээс 6 хүн (Өмнөх өдөр мөн 6 тохиолдол бүртгэгдсэн)
     
  • Бусад нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс байжээ. 

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 685 боллоо. Кластер голомтын халдварын тоо 1011 хүрсэн бол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1512 байна. Эдгээрээс 909 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-өөс 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн 17-р хороонд халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор өргөжүүлсэн тандалт хийж, 6000 гаруй хүнээс шинжилгээ авсан. Эдгээрээс хоёр өдрийн хугацаанд нийт 12 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ар гэрийг тусгаарлах ажил өргөн хүрээнд хийж байна. Өнөөдрийн байдлаар 1353 хүн ойрын хавьтлаар, 2859 хоёрдогч хавьтлаар бүртгэгдээд байна. 

Иргэдэд анхааруулахад, сүүлийн үед ирж байгаа коронавирусний халдвар авсан хүмүүс маш хүнд ирж байна. Томуу, амьсгалын замын халдвар үүссэн үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлж, дараа нь эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлэхдээ халдвар авсан, хүндэрсэн байх талтай байна. Энэ нь бусдад халдвар тараах магадлалыг нэмэгдүүлж байна. Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өмнөх өдөр нь ирсэн байсан. Тус эмнэлгийнхэн яаралтай шинжилгээ авч, тусгаарлан ажиглах байрандаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тул хавьтагчийн тоо бага байна. Ханиадтай мөртлөө ажлаа хийж байгаа хүмүүс байна. Өвдсөн үедээ олон хүнтэй газар ажилламааргүй байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, мэдээлэл авах хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top