Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал,
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын үеэр "Нийслэл хотод дөрвөн голомт идэвхтэй буюу 13 хороонд халдвар гарсан байна. Он гарснаас хойш эхний 3 долоо хоногийн байдлаар томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа тул томуугийн шинж тэмдэг илэрч буй иргэн өөрийгөө коронавирусний халдвар авсан байж магадгүй гэж үзээд, өөрийгөө тусгаарлан 100, 119 дугаарын утсанд хандах шаардлагатай. Сүүлийн 24-38 хоногт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй тул тэдгээр аймгуудад халдварын голомт бүрэн хумигдсан гэж ойлгож болохоор байна" гэлээ.
Түүнчлэн ХӨСҮТ-өөс "Сүүлийн үед ирж байгаа коронавирусний халдвар авсан хүмүүс маш хүнд ирж байна. Томуу, амьсгалын замын халдвар үүссэн үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлж, дараа нь эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлэхдээ халдвар авсан, хүндэрсэн байх талтай байна. Энэ нь бусдад халдвар тараах магадлалыг нэмэгдүүлж байна. Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өмнөх өдөр нь ирсэн байсан. Тус эмнэлгийнхэн яаралтай шинжилгээ авч, тусгаарлан ажиглах байрандаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тул хавьтагчийн тоо бага байна. Ханиадтай мөртлөө ажлаа хийж байгаа хүмүүс байна. Өвдсөн үедээ олон хүнтэй газар ажилламааргүй байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, мэдээлэл авах хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.