Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй

2021 оны 01 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. /2021.01.19, 11:00 цаг/

Энэ үеэр Цэргийн төв эмнэлэгт коронавирусний халдвар авч эмчлүүлж байсан иргэн нас барсан болон хавьтлыг тусгаарлахад төлбөр авч байгаа эсэх тухай сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах хариултыг өглөө.


- Тэргийн төв эмнэлэгт 2021 оны нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ энэ хүн нь коронвирусний халдвараар биш, зүрхийн өвчнөөр нас барсан. Энэ хүний коронавирусний гурав дахин давтан шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй, эдгэрсэн хүн байсан. Энэ хүн манай ангилалаар бусад шалтгаанаар нас барсан ангилалд байгаа.

-Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй байгаа. Эрүүл мэндийн хуулиндаа ч байдаг. Халдварт өвчний хавьтлын арга хэмжээнд тусгай зардал авахгүй, зардлыг улсаас хариуцдаг.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 17,646 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1035 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Сүүлийн 24 цагт 28 хүн эмчлэгдэж, гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1536 болсон. Үүнээс 995 хүн эдгэрлээ. Эмчлэгдэж байгаа 530 хүнээс хоёр хүний бие маш хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гад(202.179.25.246) 2021 оны 01 сарын 19

Гадаадад эдгэрсэн хүмүүсийн 30 аад % нь дахин өвчилж эмнэлэгт хүргэгдээд нас барсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Эдгэрч гараад гам сайн барих ёстой юм шиг.

0  |  0
Top