"Өргөө" амаржих газарт төрсөн эмэгтэй халдвар авсан болох нь батлагдсан билээ. Тэгвэл түүнийг өчигдөр /2021.01.20/ хүүхдийнх нь хамт ХӨСҮТ-д шилжүүлж, тусгаарлсан байдаг. Ингэхдээ тухайн дөнгөж төрсөн эмэгтэйг нимгэн хувцас, углааштай, хүүхдийг нь нимгэн өлгийтэй ХӨСҮТ-ийн авто машинд суулгаж байгаа бичлэг, зураг цацагдаж, олон нийтийг бухимдуулаад байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдрийн /2021.01.21/ 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Халдвар авсан "Өргөө" амаржих газарт төрсөн эхийн өчигдөр тодорхойлсон. Эрүүл мэндийн сайдын дүрэм, журмыг мөрдөөгүй. Төрсөн эхэд гадуур хувцас өмсүүлээгүй, хүүхдийг нимгэн өлгийтэй нөгөө эмнэлэгт шилжүүлсэн явдал гарлаа. Нэгдүгээр төрөх бол тусгаарлах өрөөтэй. Тодорхой хугацаанд тусгаарлах өрөө бүх эмнэлгийн байгууллагын стандартад байдаг. Тэр өрөөнд байхад нь хувцаслаж гарах боломж байсан. Энэ бол их хариуцлаггүй үйлдэл. Бид энэхүү үйл явдалд их харамсаж байна. Эрүүл мэндийн яамнаас энэ бүх үйлдэлд тухайн эмэгтэй болон ар гэрээс нь уучлал гуйж байна. Бид бүх зүйлд хариуцлага тооцож ажиллах болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Өргөө амаржих газарт хариуцлага тооцохоор албан тоотыг хүргүүлсэн. Тэдэнд хариуцлага тооцох эрх нь Хотын даргад бий. ХӨСҮТ-ийн ажилчдыг сэтгэлгүй гэж хэлэхээс аргагүй. Энд ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд шууд хариуцлага тооцно" гэж ярилаа.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Амаржсан эх, хүүхэд хоёрыг ХӨСҮТ-д авч ирэхэд алдаа дутагдал гарсан. Ар гэрээс нь уучлал хүссэн. Ахин алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллах болно" гэж тодотголоо.