“Өргөө” амаржих газарт өчигдөр амаржсаныхаа дараа ХӨСҮТ-д хүргэгдсэн эмэгтэй 14-ний өдөр эмнэлэгт анх хэвтэхдээ өвчний эмнэлзүйн шинж тэмдэггүй байсан. Өнөөдрийн байдлаар ч коронавирусний шинж тэмдэггүй байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн тэрбээр коронавирусээр өвчилж байгаа иргэдийн 60-70 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж байна. Та бидний дунд ч шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүмүүс байхыг одоо үгүйсгэх аргагүй байна гэлээ.
Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм, журам байдаг. Төрсөн эхийг тусгаарлах өрөөнд оруулаад, улмаар дулаан хувцсыг нь өмсгөөд өөр эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг дүрэм, журмаар зохицуулсан байгаа. Гэтэл “Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ тухай эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчсөн. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч эмнэлгүүд хариуцлага алдсан байна.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд Хотын даргад хүргүүлсэн гэсэн юм.