Эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү зөөвөрлөх талаар “Өргөө” амаржих газрын удирдлагуудад 6 цагийн өмнө мэдэгджээ. Тодруулбал, 2021.01.19-нд “Өргөө” амаржих газар амаржсан эхээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар батлагдсан байна. Тэр даруй ХӨСҮТ-д мэдэгдэж, тусгаарлах заавар авчээ. Улмаар ХӨСҮТ-өөс эх, нярай хоёрыг шилжүүлэн авч болох биеийн байдал зэргийг асуусан аж.
Эх, нярай хоёрын биеийн байдал сайн, сэтгэл санаа тогтвортой байсан тул ХӨСҮТ рүү шилжүүлэн, эмчлэхээр болж, 6 цагийн дараа очиж авах тул бэлэн байдлыг хангахыг сануулжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эх, нярай хоёрыг шилжүүлэх ажиллагаанд бэлдэх зааварчилгаа авсан байна. Гэвч эцсийн мөчид амаржсан эхийг халад, тавчигтайгаар өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн нь олон нийтэд ил болсон.
Коронавирусийн халдвар Хятад улсад бүртгэгдсэн цагаас эхлэн Монгол Улс дотоодоо бэлэн байдлаа хангаж эхэлсэн. Энэ хүрээнд 2020.01.31-нээс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тусгаарлах өрөө байгуулах шийдвэр гаргаж байсан. Тэр дундаа эрүүл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллах, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл хэрхэн тусгаарлан, ажиллах заавар зөвлөмжийг гарган, өдөр бүр амны уншлага мэт танилцуулж байсан.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг сэжигтэй, эсвэл батлагдсан тохиолдол илэрсэн даруйд тусгайлан бэлдсэн тусгаарлах өрөөнд сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахих. Мөн тусгаарлах өрөөнд ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг ч сургалтад хамруулсан. Гэвч “Өргөө” амаржих газар эх, нярайг дотоодын тусгаарлах өрөөнд байлгахаасаа илүү ХӨСҮТ рүү түргэн явуулж, өөрсдөөсөө зайлуулж, холдуулах гэсэн оролдлого хийсэн нь дээрх үйлдлээс нь илт. Үгүй дээ, гаргаж өгч байгаа эмнэлгийн ажилтан амаржсан эхэд ялимгүй сэтгэл гаргахад асуудал шийдэгдэх байсан ч харамсалтай нь тийм хүний үнэр гаргасангүй.
Эрүүл мэндийн яамнаас улиг болтлоо давтсан зөвлөмжийг ч ажил хэрэг болгосонгүй. Яаралтай онцгой үе гэж зөвтгөх шалтгаан ч алга. Арга ядвал хөнжилд боогоод гаргах ухаан ч “Өргөө” амаржих газрын удирдлагуудад байсангүй.
Ямартаа “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож чадах хүн бий юу гэх асуулт хариулт нэхэн үлдлээ. Үнэндээ өнгөрсөн хэдэн жилээс өмнөөс олон нийтийн дунд хөвөрсөн. Учир нь 2019 онд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан гэх үндэслэлээр Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хэсэг хугацаанд орлон ажилласан нь ч бий. Гэвч Г.Баясгалан “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалаас огцроогүй.