“40, 50 мянгат,  хуучны  угсармал барилгуудад агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих магадлал бага”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө. /2021.01.21/

Коронавируст халдварын тархалт айл, албан байгууллагуудад иргэдэд дамжин халдварлах нэг гол суваг нь агааржуулалтын хоолой болж байгаа юу гэдгийг холбогдох байгууллага, мэргэжилтнүүд шалгажээ. Судалгаа, шалгалтын үр дүнг маргааш танилцуулна гэлээ.

Ер нь гаднын улс орнуудад хийгдэж буй судалгаануудаас үзэхэд агааржуулалтын хоолойгоор вирусний халдвар дамжсан нь тогтоогдсон жишээнүүд бийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэлдээ дурдлаа.

Тэгвэл барилгын зөвлөх инженер Ч.Эрдэнэтунгалаг агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих эрсдэлтэй юу гэдэг асуудлаар Barilga.mn сайтад  дараах мэдээллийг өгсөн байна. Түүний тайлбарлаж буйгаар хуучны 40, 50 мянгатын 4 давхар барилгуудын агааржуулалтын систем нь тус тусдаа /дангаар/ сорж хаяхаар төлөвлөгдсөн байдаг тул бараг дамжих боломжгүй аж. Хуучны угсармал 5, 9 давхар, СОТ-ын 5 давхар тоосгон барилгуудын  агааржуулалтын систем нь одоо ч угсарч буй  агааржуулалтын хоолойн зарчмаар ажилладаг  бетон болон тоосгон суваг бүхий хоолойтой бөгөөд угсралт маш сайн хийгдсэн, агаар буцаж цохьдоггүй тул айлууд хооронд   дамжихгүй гэнэ.

Гэхдээ сүүлийн үед  хуучны орон сууцны барилгуудад засварын ажил их хийгдэж, мэргэжлийн бус хүмүүс хоолойн хийцлэлийг эвдэн шууд хажуугаас холбох, гал тогоо ариун цэврийн өрөөний системийг нэгтгэн /холих/ асуудлуудаас болж өвчин дамжих магадлалыг үүсгэнэ гэж тайлбарлажээ. Сүүлийн үеийн барилгуудын  тухайл агаар сорох систем нь  хуучны  угсармал барилгатай ижил зарчимтай, гөлмөн төмөр  хоолойгоор угсралт хийгдсэн байдаг гэнэ. Гэхдээ угсралтын чанар, сувгийн  битүүмжлэл, суваг дахь хоолойн дулаалга гэх мэт ажлуудын чанараас шалтгаалсан агаар дамжих эрсдэлүүд бий аж.

Эмнэлгүүдийн барилгын  тухайд агаарын урсгал төлөвлөөгүй, агаар сэлгэлтийн системээ ажиллуулдаггүй, чанаргүй угсралттай хийгдсэн бол халдвар тараах эрсдэлтэй гэж тайлбарласан байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.93) 2021 оны 01 сарын 21

Салхивчийн хоолой айл айлаараа тусдаа хоолой байдаг болохоор дамжих боломжгүй баймаар

0  |  0
Зочин.(202.126.89.239) 2021 оны 01 сарын 21

Корона гэсэн жүжгээ боль оо. Хорт хавдраар хэдэн мянгаараа үхэж байхад огт тоохгүй. 8, 9 саяар төсвөөс мөнгө идэх коронадоо ингэж их анхаарал тавихаа боль.

0  |  0
Top