Риогийн багт наадам дахин хойшлогдов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Бразилын Рио дэ Жайнеро хотын эрх баригчид энэ оны Риогийн багт наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа гэж тус хотын захирагч Эдуарду Паис мэдэгджээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Риогийн багт наадмын зохион байгуулагчид уламжлалт баярыг цар тахалтай холбогдуулан 2021 оны хоёрдугаар сард хүртэл хойшлуулж байсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Самба бүжгийн сургуулиудын лиг багт наадмыг хүн амыг амжилттай вакцинжуулбал энэ оны долоодугаар сар зохион байгуулах санал гаргажээ. “”Энэ соёлын арга хэмжээ ард иргэдийн хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой. Гэвч наадмыг ирэх долоодугаар сард зохион байгуулах боломжтой гэж хэлэхэд хүнд байна. Учир нь багт наадам асар их бэлтгэл ажил шаарддаг” гэж Паис тайлбарласан байна. 2022 онд амьдрал, соёлоо эрч хүчтэй тэмдэглэж чадна гэдэгт итгэлтэй буйгаа Риогийн захирагч мөн илэрхийлжээ.

Риогийн багт наадам нь самба бүжгийн сургуулиудын өнгө алагласан гоёмсог баяр юм. Самба бүжгийн сургууль бүр наадамд зориулан өөрсдийн үзүүлбэрийг толилуулдаг байна. Дөрвөн өдөр үргэлжилдэг наадмыг аваргууд төгсгөдөг. Багт наадмын үеэр мөн гоо бүсгүй, шилдэг баг, хамгийн гоёмсог хувцсыг шалгаруулдаг байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бразилд 8 697 368 халдварын тохиолдол бүртгэгдэж, 214 147 хүн эндээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top