БЗД-ийн II хорооны нийтийн байрнаас 9 есөн тохиолдол бүртгэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрлээ. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа" гэлээ. 

Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627 байна. Үүнээс 1149 буюу 70.6 хувь нь эдгэрчээ. Харин 465 тохиолдол эмчлэгдэж байна. Тэднээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн эмчлэгдэж байгаа талаар хэллээ. 

Top