ШУУРХАЙ: Улаанбаатарт 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Шинээр бүртгэгдсэн 16 тохиолдлын тухайд өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс болон БЗД-ийн 2-р хорооны 4, 5, 8-р хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна. Мөн Эрүүл мэндийн яамны нэг ажилтан халдварт өртжээ. Эрүүл мэндийн яамны ажилтнууд болох 128 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар халдвар илрээгүй ба 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж эхэлжээ.

Сүүлийн тохиолдлуудаас БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 2-р хорооны голомтын өвчлөл идэвхжиж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Эдгээр голомтоос 11 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрсэн байна. Тухайн хүн батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байжээ.

БЗД-ийн 2-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хугацаанд 1069 хүнд шинжилгээ хийсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1643 болж, эдгээрийн 1169 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 461 хүн эмчлүүлж байгаа аж. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын тухайд хөнгөн 412, хүндэвтэр 44, хүнд 4, маш хүнд 1 хүн байна. 

Top