Улаанбаатарт өнгөрсөн 24 цагт нийт 32 хүнээс коронавирусний халдвар илрээд байна. Нийслэлд хэд хэдэн голомт идэвхтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн "X apartment" хотхоны голомтоос илэрсэн халдвар нийт 14 хүрсэн бол "Нео Микс Пицца"-ны голомтоос гаралтай халдварын тохиолдол 11 болжээ. Мөн Наркологийн төвд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас нийт 7 хүнд халдвар илэрчээ.
Асрамжийн газарт ажилладаг багш халдвар авснаар тус асрамжийн газарт асруулдаг хоёр хүүхэд халдвар авсан нь батлагджээ. Тус асрамжийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдийг байрлуулж, асардаг бөгөөд халдвар илэрсэн тул багш, хүүхдүүдийг тусгаарлан тандалт хийж эхэлжээ. Тухайн халдвар авсан багшийн дүү нь Банк санхүүгийн байгууллагад ажилладаг бөгөөд халдвартай нь тогтоогдоод байсан аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 32 хүнд коронавирус илэрсэн. Үүний дөрөв нь "Интермэд" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүс байжээ.
Тодруулбал "Интермэд" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн тест эерэг гарсан байна. Улмаар баталгаажуулах PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийхэд эерэг гарч онош батлагдан, ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлажээ. Эдгээр хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа ба амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа аж. Тус өвчтөн эмнэлэгт гэртээ өвчнөө хүндрүүлсэн гэж дүгнэж байгаа юм байна.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.
Дорноговь аймагт замын ажил хийхээр явсан хүмүүсийн дундаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан. Баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.
Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч гэртээ гарсан. Мөн ХӨСҮТ-өөс 24 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувь эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 408 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж байна.