Нийслэлд коронавирусний хэд хэдэн голомт идэвхтэй байгаа бөгөөд сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрч буй нь иргэдийн дунд хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр тархсаныг харуулж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатарт өнгөрсөн 24 цагт нийт 32 хүнээс коронавирусний халдвар илрээд байна. "Интермэд" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Энэ нь халдвар иргэдийн дунд шинж тэмдэггүй тархсан байна гэсэн үг. Мөн Асрамжийн газарт ажилладаг багшийн дүү нь халдвар авснаар тухайн багш болон хоёр хүүхэд халдвар аваад байна. Тэгэхээр халдвар илэрсэн тохиолдол бүрт тухайн халдварын үргэлжлэх голомт хаана ч очоод, хэнийг ч өвчлүүлэх эрсдэлтэй. Бид өвдөхгүй, хамгаалж байгаа гэтэл хамт ажилдаг хүн, түүний гэр бүл, найз нөхөд өвдсөнөөс болоод халдварт өртөж, ямар ч халдварын эх уурхайгүй хамт олны дунд тархах эрсдэл байна.
Одоогоор батлагдсан халдваруудын 1000 гаруй ойрын хавьтал, 6000 гаруй хоёрдогч хавьтал байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс шаардлагагүй бол гадуур гарахгүй, олон хүн бөөгнөрсөн газар очихгүй байхыг зөвлөж байна.
Ойр орчмын хүмүүс, хайртай хүмүүс, хамт олноо өвчлүүлэх эсэх эрсдэл таны гарт байгаа шүү гэдгийг сануулмаар байна. Тиймээс анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна" гэлээ.
Өнгөрсөн 24 цагт нийслэлд 32 тохиолдол шинээр илэрч, Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.