А.Амбасэлмаа: Халдварын голомтуудын цар хүрээ тэлэгдэх хандлагатай боллоо

2021 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.01.31, 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавируст халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өвчлөгсөд, хавьтлын тоо нэмэгдэж бйна. Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдэж, цар хүрээ тэлэгдэх хандлагатай болж ирлээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс хойш нийтдээ 28 голомт үүсч, хариу арга хэмжээ авч ажилласан. Үүнээс 9 нь маш том голомт байсан ч хүрээ хязгаар нь тогтоогдож хумигдсан.

Одоогоор 7 голомт идэвхжил нь буурсан ч цөөн тохиолдлууд гарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-аас хойш үүссэн 13 голомт идэвхтэй үргэлжилж байна. Тухайлбал тохижилт үйлчилгээний үйлчилгээтэй холбоотой голомтоос нийт 20 хүн өвчилж, идэвхтэй үргэлжилж байна. 

"Х апартмент"-ын СӨХ-тэй холбоотой голомт идэвхтэй үргэлжилж 11 хүн өвчлөөд байна.

"GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомт маш идэвхтэй үргэлжилж байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол батлагдлаа.

Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн өвчлөөд байна.

Гэр бүлийн БЗД-ийн 26-р хороо, БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 5-р хорооны 6-р байрны голомтууд идэвхтэй үргэлжилж, нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гараад байна.

"Микс пицца"-тай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж 15 тохиолдол бүргэгдсэн байна.

Хүүхдийн амрамжийн газарт голомт идэвхжиж байна. Энд гурван багш, хоёр хүүхэд өвдсөн. Зургаан хүүхэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан байгаа.

Энэ мэт голомтууд хүрээгээ тэлсэн байна. Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр болсон.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрлээ. Үүний нэг нь эмнэлгийн ажилтан байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжиллгээ, болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлрын шинжилгээнүүдш, мөн цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүс байна.

Улаанбаатар хотод нийтдээ 945 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1271 тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-өөс 22 хүн клиникийн хувьд эдгэрч ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 12 хүн эдгэрч гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1779 байна. Үүнээс 1333 хүн буюу 75 хувь нь эдгэрсэн.

Эмчлэгдэж байгаа 433 хүнээс маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 65, хөнгөн 366 хүн байна.

Top