Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.01.31, 11:00 цаг) мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрсэн. Эдгээр нь бүгд Улааанбаатарт бүртгэлтэй гэх мэдээллийг өгсөн. Мөн үеэр төрсөн эхээс коронавирус илэрсэн талаар дараах мэдээллийг өглөө.
Мэдээллээр "Өчигдөр "Өргөө" амаржих газарт жирэмсэн эмэгтэй урьд өдөр нь шинжилгээ өгөөд, өглөө шинжилгээний хариу гарахаас өмнө өвдөж, тус эмнэлэгт төрсөн. Төрсний дараа коронавирусний онош батлагдсан.
Тухайн ээж, нярайг тус эмнэлэгт тусгаарласан. Эмэгтэй кесар хагалгаагаар төрсөн учраас биеийн байдлыг тогтворжтол нэгдүгээр төрөхөд тусгаарласан байгаа.
Тэнд хавьтал болсон ээжүүд, эмч, ажилчдыг тэнд нь ажиглахаар бэлдсэн тасгуудад тусгаарласан. Төрсөн ээж, нярайн биеийн байдал хэвийн, сайн байгаа бөгөөд эмчилгээ, үйлчилгээг хийж байна. Мөн гэр бүлийнх нь гурван хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан" гэв.