Нийслэлийн Налайх дүүрэгт коронавирусний халдварын хоёр тохиолдол өнөөдөр батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Тодруулбал, тус дүүргийн Нисэхийн 40-р байр болон Өвөршандын хороонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоосон байна.
Тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гаргасан бөгөөд батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан, ар гэрийнхнийг нь Баянзүрх дүүрэгт зочид буудалд тусгаарласан байна. Одоогийн байдлаар НЭМТ-ийн тандалтын дөрвөн баг ойрын 7, дам 63, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна.
Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхойлогдсон тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоожээ.
Батлагдсан хоёр тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяалал бус хүмүүс байна гэж дүүргийн Онцгой комиссоос мэдэгдэв. Дээрх хоёр иргэний маршрутын зураглалыг гаргасан ба нэг иргэн нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, 6-р бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан байна.
Хоёр дахь иргэн нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ цаг хугацаанд автобусаар зорчсон иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгөхийг анхаарууллаа.
Налайх дүүргийн хувьд өмнө нь халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн ч голомтыг хумьж, эмчлээд байсан юм.