"Содон" хороололд гарсан ХАЛДВАРЫН ГОЛОМТ идэвхтэй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15897 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 27 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бүртгэгдсэн шинэ халдвар нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, тусгаарлагдаж байсан иргэд байна. Нийт 1024 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. ХӨСҮТ-өөс 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт 454 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь маш хүнд нэг иргэн байна" гэв. 

Түүнчлэн "ХСҮТ-д хоёр хүн байна. Тэдний биеийн байдал хүндэвтэр байна. "GB plaza"-д гарсан голомт үргэлжилж байна. Халдварын голомт бол батлагдсан тохиолдол болон тэдний гэр бүл, ажлын газрын хүмүүсээс халдвар илэрч байна. Энэхүү голомтоос гарсан тохиолдол 25 боллоо. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд 8 тохиолдол бүртгэгдсэн, халдварын голомт үргэлжилж байна. Халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийтийн байранд гарсан голомт үргэлжилж байна. Эндээс 100 гаруй хүнээс шинжилгээ авлаа. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байх "Нүүдэлчин"" цайны газрыг хаасан. Энд сүүлийн долоо хоногт хоол идсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна" гэх мэдээллийг өглөө. 

Top