Халдвар авсан хүмүүсээ гадуурхахгүй байя

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Монголд корона тусаад эдгэсэн хүний тоо өчигдрийн байдлаар 1400 гарсан. Гэтэл эх орондоо эдгээд эмнэлгээс гарсан хүмүүсээс би тусаад эдгэчихлээ гэж зоригтой ам ангайх хүн ганц хоёр хүнийг эс тооцвол гарахгүй байгаа нь хачирхайлтай. Гадаадад байгаа монголчууд л энэ талаараа илэн далангүй ярьж хэлж байна. Зүй нь бол энэ өвчнийг тусахад өөрт илэрч буй шинж тэмдэг болоод эмчилгээний явц, үр дүн, биед гарч буй өөрчлөлтийг нэг бүрчлэн тайлагнаж, хүмүүст хэрэгтэй мэдээллийг түгээж баймаар санагдана. Наанадаж л ардын уламжлалт аргаар хэрхэн эмчилж, ямар хоол унд идэх нь тохиромжтой байгаа талаар мэдэхэд илүүдэхгүй. Даанч манай монголчуудын нэг зан бий. Хэрэв хэн нэгэн өвдсөнөө зарлавал бөөрөлхөн гадуурхаж, жийрхэн цэрвэж хүний тооноос хасчихдаг. Мөн тухайн хүний нэр төрийг ч үүнтэйгээ хамт шаварт хутгачихна. Тиймээс л халдвар авсан, эдгэсэн хүмүүс амаа үдүүлсэн мэт хав дарахаас өөр сонголт байхгүй.

Дэлхий даяараа тархсан энэ цар тахал нь баян ядуу, залуу хөгшин ялгахгүй тусах болохоор халдвар авсан хүмүүстээ ч хүндэтгэлтэй харьцаж, янз бүрийн сэтгэлийн хөдлөл илэрхийлэхгүй, энгийн хандаж сурмаар байна. Нийтээрээ өвдөж байгаа энэ халдвар туссан хүнд зовж нэрэлхээд, ичиж нууцлаад байх зүйл биш. Харин ч ил хэлж, нэг ч гэсэн монгол хүн өвдөхөөс сэргийлээсэй гэдэгт санаа тавимаар.

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр уг өвчний талаар аймшигтай талыг нь илүүтэй цацаж нийгмийг айдаст автуулсаар нэг жилийг ардаа үдлээ. Айдас хүйдэс дунд өдөр хоногийг өнгөрүүлсэн ард түмний чинь дархлаа унаж, ажлын бүтээмж, амьдралын идэвх сонирхол буурч, эрч хүч нь алдагдаж байна шүү. Нийгэмд бидний дунд эдгэрч гараад хэвийн амьдарлынхаа голдиролд орсон тэдгээр хүмүүсээс үнэн бодит байдал, мэдээллийг өгөхөд л бидэнд үнэтэй сургамж болох юм сан. Манайхан халдвар авсан хүмүүсээ гадуурхахгүй байвал эдгэсэн хүмүүс ч ил гарах юм даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.142.158) 2021 оны 02 сарын 05

хэн гадуурхахын ямар сонин тэнэг юм бичдэгийн өөрөө бодсоноо бусдад нялзаагаад хэрэггүй. Торгоно гэсэн болохоор л хүмүүс ярихгүй байгаа биз. Хэн ийм ажилгүй үед торгуулахыг хүсэхэв хоолоо авч идэхээ бодно шд.

0  |  1
Top