Дараах дөрвөн аргаар коронавирусний шинжилгээний цаг авах боломжтой

2021 оны 02 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2021.02.04, 11:00 цаг)


Энэ үеэр коронавирусний шинжилгээ хийлгэхэд ямар апликэйшнт ашиглаж, ямар журмаар шинжилгээ өгөх талаар танилцууллаа.

Ковидын шинжилгээ өгөх цаг авахдаа дараах дөрвөн аргыг ашиглах боломжтой.

ЭМЯ-ний вэб хуудас руу орж, өөрт хамгийн ойр цэгүүдээ сонгоод цагаа авах боломжтой. Энэ үед таны дата гүйхгүй байхаар тохируулагдсан. Хэрвээ та интернетээр цаг авах боломжгүй бол 77773773 дугаар руу залгаж цаг авах боломжтой. Мөн ГЭРЭГЭ апликэйшн, ГЭРЭГЭ киоск ашиглан цаг авч болно.

Үүнээс гадна иргэн та шинжилгээ өгөх цагт ирж амжихгүй бол 77773773 дугаар,  ГЭРЭГЭ апликэйшныг ашиглан цагаа цуцлах боломжтой.

Магадгүй танд коронавирусний шинж тэмдэг гэнэт илэрбэл цаг авахгүйгээр өөрт хамгийн ойр цэгт очиж, асуумж бөглөн, шууд шинжилгээ өгөх боломж байгаа гэдгийг хэллээ.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 16960 хүнд PCR шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна. Мөн Улаанбаатарт хоёр том голомт үүслээ. "Монгол шир" компаний ажилтан өвчилж, шинжилгээ авахад 18 хүнээс корона илэрлээ. "Амгалан" амаржих газарт 2 хүнээс халдвар илэрлээ. Нэг нь тус эмнэлгийн сургалтын ажилтан байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1054, Улсын хэмжээнд кластер голомтод 1380 болсон. Батлагдсан тохиолдлоос Монгол Улсад нийт 1890 байна. 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарснаар нийт 1398 хүн эдгэрээд байна. Одоо эмчлэгдэж байгаа 479 хүнээс маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 82, хөнгөн 395 хүн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top