Гадаадад  гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэц дүгнэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

“Оюуны Инноваци” ТББ-аас гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байдаг. Тэгвэл гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэц дүгнэжээ. Мэдээлийг тодруулан хүргэе.

“Оюуны Инноваци” ТББ-аас 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр анх Цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд ҮХЦТГ-ын 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн өдрийн ТГ-3/354 дугаар  “Мэдээллийг буцаах тухай” албан бичгээр Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг асуудлаар эдгээр байгууллагад хандсаны дараагаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх болохыг мэдэгдсэн.

2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газарт өөрт нь болоод Улсын Их хуралд “иргэддээ хилээ хаасан тогтоол хүчингүй болгох” асуудлаар гомдол гаргасан боловч Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн ХЭГ/2627 “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр “...МУЗГ-аас батлан хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд МУҮХ-д нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлэх…” гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн.

Энэ хугацаанд УИХ-аас өнөөдрийг хүртэл тодорхой хариу хүргүүлээгүй байна.

Цэцэд мэдээллийг дахин гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны хоёрдугаар сарын 1-ний  өдрийн 10 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх татгалзах тухай” тогтоолоор “...Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаар, тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт, тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэж, маргаан үүсгэхээс татгалзжээ.

“Оюуны Инноваци” ТББ-аас Цэцийн гишүүний уг тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бага суудлын хуралдаанд гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

Үндсэн хуульд заасны дагуу иргэдийн “...эх орондоо буцаж ирэх...” үндсэн эрхийг онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болох онцгой эрх билээ.

Энэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, хүнд нөхцөлд байсаар байгааг тус ТББ-ын зүгээс мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top