Хөл хорионд залуус юу хийж байна вэ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

Нийслэлд  хөл хориог тогтоосон цагаас эхэлж залуус гурван сарын хугацаанд гэртээ юу хийж цагийг өнгөрүүлэв. Хөл хориог өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл турших, оюун бодлоо цэгцлэх зэргээр ашигтай өнгөрүүлдэг залуус маш олон бий. Зарим нь шинэ хэл сурч, цахим сургалтуудад хамрагдаж, ном их уншжээ. Бүр зарим нь өөртөө шинэ ажлын байр хүртэл бэлдэн Youtube суваг хүртэл ажиллуулж эхлэв.

Та дараагийн хөл хорионд юу хийж өнгөрүүлэхээ шийдсэн үү. Цаг хугацаа алт гэдэг шүү дээ. Аливаа нөхцөл байдлыг эерэгээр тусгаж, өөрт хэрэгтэй боломж болгон ашиглаарай.

 

Шинэ туршилт хийх боломж

 

Охид бүсгүйчүүд шинэ хоолны жор туршиж, арьс арчилгаагаа сайжруулж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бүтээж сурав. Хөл хорио нь үндэсний жижиг, дунд үйлдвэрлэлийн нөхцөлийг бүрдүүлж уламжлалт хатгамал, оёдлоос гадна гоо сайхны бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон гар урлалын гоёл чимэглэл хийх нь ихсэж байгаа нь цаашлаад эдийн засгийн нэгэн гарц болж болох юм. Үүний тод жишээ нь уруул өнгөлөгч, уруулын тэжээлийн тос хийх аргыг бие даан сурч, бизнесийн гараагаа эхлүүлсэн 13 настай Гэгээн охин байлаа.

Өөрийгөө хайрлах боломж

 

Орчин цагийн залуус сэтгэл зүйн эрүүл мэндийг их чухалчилж үздэг болсон. Энэ утгаараа хөл хорио нь өөрийгөө олж, оюун бодлоо цэгцлэх алтан боломж болсон. Залуус йог, бясалгал, мөргөл хийснээр дотоод хүнтэйгээ ярилцан өөртөө оюуны болон эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтууд уг боломжийг ашиглан цахим сургалтуудыг хөнгөлттэй үнээр хийх болсон.

 

Харилцаагаа бэхжүүлэх боломж

 

Хөл хорионы нэгэн давуу тал нь гэр бүлийн харилцааг сайжруулахад боломж олгосон. Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хосуудын хувьд хоорондоо ярилцаж, харилцаагаа бэхжүүлэх орон зай дутагдаж байжээ. Эцэг эх, хүүхдийн харилцаа ч мөн ойртон дотносож нэгнээ ойлгож, хүсэл мөрөөдлийг нь ярилцаж суух цаг гарсан нь авууштай юм.

 

Эрсдэлгүйгээр цагийг зугаатай өнгөрөөх боломж

 

Тэгвэл гэртээ байгаа залуучууд найзуудтайгаа цагийг өнгөрөөхийн тулд хоёроос дээш хүн холбогдон тоглодог компьютер болон гар утасны тоглоомууд тоглодог болжээ. Залуусын дунд Among Us, PubG Mobile, Mobile of Legends  гэх мэт гар утасны тоглоомууд хамгийн эрэлттэй болсон байна. Тоглоом тоглосноор өөрийнхөө эдийн засагт ч хувь нэмэр оруулж болохыг монгол залуус дэлхийд харуулсан жишээ бол Pub-G mobile champion-chip тэмцээн юм. Уг тэмцээнд Монголын тамирчид 16 багтай дөрвөн өдрийн турш өрсөлдөж гуравдугаар байранд шалгаран 100 мянган ам.долларын эзэд болсон.

 

Хорвоотой танилцах боломж

 

Өнгөрсөн хөл хорионы үеэр номын дэлгүүрүүдийн хүргэлт тасрахгүй хийгдсэн нь залуусыг номд дурлахад түлхэц болсныг дурдах нь зүйтэй. Залуус ихэвчлэн хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, түүхийн номуудыг голчлон унших болжээ. Мөн түүнчлэн “M plus” зэрэг цахим номын худалдаанд шинээр аудио номуудыг нэмсэн нь хандалт болон эрэлт ердийнхөөсөө ихэссэнтэй холбоотой юм.

 

Тав тухтай суралцах боломж

 

Мэдээж оюутан залуусын хувьд цахим сургалт үргэлжилсэн. Бараг л цахим хичээл эхлэхээс нэг минутын өмнө орноосоо босоод хичээлдээ сууцгааж байлаа. Өөрөөр хэлбэл замын түгжрэлд зарцуулах цагаа өөр хэрэгтэй зүйлд зориулах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна цахим сургалт нь бие даан суралцах чадварыг сайжруулахаас гадна цагийн менежменттэй болгох гэх мэт нийгэмд бие хүн болж төлөвшихөд нөлөөлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top