Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа гэж Архангай аймгийн ЗДТГ-аас дөнгөж сая мэдээллээ.
Тус иргэд 2021-02-05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна.
Аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Нэмж мэдээлэхэд Улаанбаатар хотод халдвар голомтууд маш идэвхтэй байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн коронавируст халдвар авсан нь батлагдсан гэдгийг өнөөдөр ЭМЯ-аас мэдээлсэн. Улаанбаатар хотод халдварын нийт 1237 тохиолдол гараад байна.