Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 16-24 хүртэлх хугацаанд томоохон зах, худалдааны төвүүдийг шат дараатай нээхээр төлөвлөж байна.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг нээх талаар "Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараатай нээхээр төлөвлөсөн. Түгээлтийн аж ахуй нэгж, байгууллагууд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татаж, хүнсний дэлгүүрүүдэд түгээх учир бөөний төв, захаар иргэд үйлчлүүлэх боломжгүй. Хоёрдугаар сарын 16 гэхэд дараах 24 бөөний төв нээгдэх ба цаашид 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 хүнсний бөөний төвийг нээнэ. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэнэ. Тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллаж, 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Иргэд хүнсний бөөний төвүүдэд очиж хүнсээ авахгүй, зөвхөн гэрийнхээ ойр дэлгүүрээр үйлчлүүлнэ" гэлээ.
Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн PCR шинжилгээг өгсөн байх шаардлагатай ба хоёрдугаар сарын 16-нд нээгдэх 24 зах бөөний төв, 597 хүнсний үйлдвэрийн ажилтнууд өнөөдрөөс шинжилгээ өгөх ажээ.
Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд лабораториудад 38450 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээрээс 58 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. 58 иргэний хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Өмнөх өдөр энэхүү өргөтгөсөн шинжилгээний хүрээнд мөн дөрвөн хүн халдвартай нь тогтоогдсон юм. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын нийт тохиолдол 1513 боллоо. Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байддал маш хүнд байгаа ажээ.
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖСЭН ХУГАЦААНД ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ