Засгийн газраас халдварын эсрэг эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна гэж мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Оксфордын Астразенека вакциныг 2021 оны хоёрдугаар сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Улмаар БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон билээ. Ингэхдээ хүн амын 60 хувьд нь вакцин хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.
Тэгвэл халдвар авсан иргэдийг эдгэрснийх нь хойно гурван сарын дараа вакцинд хамруулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярьсан. Тэрбээр өчигдрийн /2021.02.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллийнхээ үеэр дээрх зүйлийг хэлсэн юм.
Харин Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болгосон билээ.