“Вакцины паспорт” шинэ эриний гол бичиг баримт болох уу

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Саяхан л “вакцины паспорт”-аар зөвхөн хуйвалдааны онолынхон бие биенээ айлгацгааж байсан. Гэтэл одоо аялагч жуулчдад зориулан хил гаалиа нээхэд тухайн бичиг баримт тусалж чадах эсэх тухай дэлхий дахинаар мэтгэлцэхэд хүрээд байна. Нисэхийн тээвэрлэгчид, IT- компаниуд, тэр ч байтугай зарим улс орны Засгийн газар вакцины паспортыг нэвтрүүлье хэмээн санал тавиад байгаа бол харин үүнийг эсэргүүцэгчдийн зүгээс  хүний эрхийг зөрчиж болзошгүйг анхааруулан, тиймэрхүү паспортын үр дүн эргэлзээтэй, яарах хэрэггүй хэмээн ярьцгааж байна. Энэхүү маргаанд аль тал нь ялах бол.

ГРЕК УЛС ТЭРГҮҮН ЭГНЭЭНД

 

Вакцины паспорт нь цар тахлын шуурганд хамгийн хүндээр өртсөн аялал жуулчлалын салбарыг сэргээхэд тусална хэмээн олон хүмүүс үзэж байна. Аялал жуулчлал ДНБ-ийнх нь 20 хувийг бүрдүүлдэг Грек улс гэхэд ихээхэн хүнд байдалд орчихоод байгаа. Санхүүгийн хүнд хямралаас арайхийн гарах аядаж байсан тус оронд цар тахлын аюул хүндээр тусах нь мэдээж.

Грекийн оршин суугчдын таван хүн тутмын нэг нь аялал жуулчлалаар амьдралаа залгуулдаг учраас энэ салбарын орлогын уналт бараг 80 хувьд хүрсэн байна. “Энэ онд нээгдэхгүй байх нь зөв хувилбар биш. Хэрэв энэ удаагийн жуулчлалын сезоныг алдах юм бол бидэнд үнэхээр хүнд хэцүү цаг үе ирэх болно” хэмээн Санторини арал дээр бизнес эрхэлдэг Алексис Комнинос өгүүлжээ.

Грекийн Ерөнхий сайд Кариакос Мицотакис хүнд нөхцөл байдлаас гарахын тулд вакцины паспортын тухай үзэл санааг нухацтай авч үзэхийг эцэст нь Европын Холбоо /ЕХ/-нд санал болгоход хүрэв.  “Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс чөлөөтэй аялж жуулчлах боломжтой байх ёстой. Ингэснээр хэвийн амьдралд эргэн очих цорын ганц баталгаат арга болох вакцинжуулалтад иргэдийг хамруулах эерэг сэдэлжүүлэг болох сайн талтай” гэж Грекийн Ерөнхий сайд Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйенд бичсэн захидалдаа онцолсон байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээр Грек улс коронавирусний вакцинд хамрагдсан хүмүүст сертификат олгож эхэлсэн. Вакцины паспорт үр дүнд хүрнэ гэдгийг ЕХ-ны дэмжлэгийг хүлээлгүйгээр амьдрал дээр батлахаар Грек улс шийдэн, Израильтай гэрээ байгуулж амжжээ.  Есөн сая хүн амтай Израильд ойролцоогоор 3,5 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа хэдий ч тэд Грекийн нийт жуулчдын өчүүхэн бага хэсгийг бүрдүүлэх аж. 

2019 онд Грек-д амрахаар 34,2 сая аялагчид ирсний дотор нэг сая хүрэхтэй үгүйтэй нь израиль жуулчид байжээ. Грек улс жуулчлалын урсгалаа сэргээхийн тулд эхний ээлжинд өөрийн байнгын зочид болох Герман, Их Британийн иргэдийг авчрах шаардлагатай байгаа хэдий ч эдгээр орнууд харин вакцины паспорт зөвшөөрөхийг төдийлөн яаравчлахгүй байгаа аж.

 

ЭСРЭГ НЯЦААЛТУУД

 

“Вакцин заавал хийлгэх, эсвэл аялал жуулчлалд зайлшгүй шаардлагатай нөхцөл болно гэж хэлж байгаа зүйл биш юм” хэмээн Грекийн Ерөнхий сайд ЕХ-нд бичсэн захидалдаа онцлон тэмдэглэжээ.

Коронавирусний вакциныг янз бүрийн шалтгааны улмаас хийлгэхийг хүсэхгүй, эсвэл хийлгэж чадахгүй байгаа зарим хүмүүс өөр улс орон руу зорчихын тулд зайлшгүй вакцин хийлгэх ёстой болно гэж  түгшиж байна. Дархлаажуулалтын олон улсын сертификат буюу “шар карт” гэж нэрлэгддэг вакцины паспорт дэлхий дээр аль хэдийнээс хэрэглэгдэж байгаа. Жуулчид холер, улаанууд, хумхаа буюу сахуу өвчний эсрэг вакцин тариулаад тэдгээр картыг авдаг. Гэвч тэдгээрийн аль нь жинхэнэ, хэд нь хуурамч болохыг мэдэхэд бэрхшээлтэй.

Энэ нь вакцины паспорттой холбоотой цор ганц асуудал биш юм. Хувь хүний мэдээлэл хулгайлагдах аюул ч тэнд оршиж байх магадлалтай аж. Одоогоор вакцинжуулалтын тухай батламжаа ухаалаг утсанд зориулсан тусгай аппликэйшн дотор хадгалахыг шинжээчид санал болгоод байгаа. Харин энэ нь хувийн өгөгдлүүд серверүүд  дээр хадгалагдан, найдваргүй тохиолдолд нэвтрэх боломжтой болно гэсэн үг юм. Тэгээд ч дэлхийн хүн амын зөвхөн тал хувь нь л ухаалаг утас ашиглан интернетэд нэвтрэх боломжтой байгаа.

Британийн дархлаа судлалын нийгэмлэгийн дарга Дебора Данн-Уолтерс ВВС-д ярилцлага өгөхдөө тиймэрхүү аппликэйшн хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Миний хэзээ нэгэн цагт хийлгэсэн бүх вакцинуудыг тэмдэглээд, тэдний хугацаа хэзээ дуусахыг мэдэгддэг аппликэйшн утсанд маань  байдаг бол сайн л байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Гэвч тиймэрхүү аппликэйшн хүмүүсийг ресторан, эсвэл паб-д ороход нь нэвтрэх үнэмлэх болно гэвэл асуудал үүснэ хэмээн профессор Данн-Уолтерс үзэж байна. “Хэрэв хүмүүст тиймэрхүү баталгаажуулалт байхгүй бол өөрсдийн өдөр тутмын үйлээ хийж чадахгүйд хүрнэ гэдгийг хэлэх нь ёсзүйн ээдрээтэй асуудал юм” гэж тэрбээр тэмдэглэсэн аж.

Эксетерийн их сургуулийн доктор Анна Бедуши түүнтэй мөн санал нэгтэй байна. Тэрбээр тиймэрхүү төрлийн бичиг баримтуудыг хэрхэн хэрэглэхийг судалдаг аж. “Тэдгээр аппликэйшнд хувь хүний мэдээллийг хамгаалах технологийг урьдчилан суулгах зайлшгүй шаардлагатай” хэмээн Бедуши сэрэмжлүүлж байна. Гэвч вакцинжуулалтад хамрагдахыг хүсээд ч боломжгүй хүмүүст бол иймэрхүү санаачлага нь тэдний эрхчөлөөг хязгаарлах магадлалтай юм.

Тэгвэл Английн микробиологич, вирус судлаач Ричард Теддер асуудлыг өөр өнцгөөс харжээ. “Вакцин хийлгэхгүй байхаар шийдсэн хүмүүст тодорхой хязгаарлалт үйлчлэх ёстой. Хэрэв та дархлаажуулалтад хамрагдаагүй бол аялж жуулчлах боломжгүй байх нь зарчмын асуудал гэж надад ойлгогдож байна. Энэхүү үзэл санааг олон улсын түвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт асуудал оршиж байгаа. Энэ нь хүн амаа нийтэд нь дархлаажуулах боломжгүй улс орнуудын хувьд ноцтой асуудал үүсгэнэ. Бас нэгэн сэтгэл зовинох асуудал байгаа нь, хүн амын тодорхой хувийг дархлаажуулах нь коронавирусний тархалтад хэрхэн нөлөөлөх талаарх тодорхой тоо баримтууд одоогоор  хангалтгүй байна” хэмээн санал бодлоо хуваалцжээ.

 

ЕВРОП ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

 

Итали, Португал, Кипр, Чех, Эстони, Испани, Словак, Унгар зэрэг аялал жуулчлалын салбараас хамааралтай Европын олон орнууд Грекийн саналыг дэмжиж байгаа хэдий ч Европ тив бүхэлдээ нэгдмэл шийдэлд хараахан хүрээгүй байна.  ДЭМБ тухайн тохиолдолд вакцинжуулалтыг вирус дамжихаас сэргийлэх баталгаа гэж тооцохгүй байгаа хэдий ч дархлааны баталгаажуулалтын ямар нэгэн систем аялал жуулчлалын хувьд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа аж. 

Хэвийн амьдралд эргэн орохын тулд Ковид-19-ийн асар түргэвчилсэн оношлуур хүмүүст туслах болно гэж Европ дахь ДЭМБ-ын тусгай төлөөлөгч Давид Набарро мэдэгдээд, вакцин хийлгэж чадаагүй хүмүүс зохих хэмжээний хязгаарлалттай нүүр тулах магадлалтайг анхааруулжээ. ДЭМБ-ын шилдэг шинжээчдийн нэг тэрбээр вакцины хомсдол шийдэгдээгүй байгаа цагт хүмүүс яалт ч үгүй тэрхүү хатуу бодит үнэнтэй тодорхой хугацаанд нүүр тулах болно хэмээн тооцож байгаа аж.

Түүний үзэж буйгаар, жуулчдад зориулсан вакцины паспорт, эсвэл сертификат нь улс хоорондын түвшинд зөвшилцөл шаардах учраас тийм ч амар шийдэгдэх асуудал биш бололтой.   Вакцины паспорт нь хэсэг хүмүүст онцгой давуу эрхийг олгох болно хэмээн тооцож байгаа учраас Герман, Франц улсууд энэхүү санаачлагад эргэлзэнгүй хандаж байгаа аж. Ялангуяа улс орнуудын дархлаажуулалтын төлөвлөлтөд хамгийн сүүлд эрэмбэлэгдэж буй залууст энэ нь ихээхэн хамааралтай юм.

Их Британи улс вакцины паспортыг дотооддоо хэрэглэх бодолгүй байгаа ч хилийн чанадад аялах үед зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж  буйг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 15-нд мэдэгдсэн. “Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан гэдгээ үзүүлэх боломжтой энэхүү үзэл санааг олон хүмүүс сонирхож байгаа гэж би бодож байна. Тэгээд ч та бүхэн заримдаа аялж жуулчлах үедээ хумхаа, улаанууд мэтийн өвчнүүдийн вакцин хийлгэснээ ямар нэг байдлаар батлах хэрэгтэй болдог шүү дээ” гэж тэрбээр өгүүлжээ.

Британийн Засгийн газрын Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг хариуцсан сайд Надим Захави вакцины паспорт гэж гаргахгүй, хилийн чанадад аялагчид хэрэв шаардлагатай гэж үзвэл эмчийн бичиг аваад явж болно хэмээн өмнө нь мэдэгдэж байсан аж. Мөн вакцины паспортын талаарх санаанаас татгалзах шаардлагад 145 мянга гаруй хүн гарын үсэг зуран эрх баригчдад хүргүүлж байжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZALUU(109.183.244.156) 2021 оны 02 сарын 26

hiisen ymniihaan ur ashgiig tod gargaagui baiz humuusiig shoron shig daramtlahl azil bna

0  |  0
Top