Одоогоор 3112 хүнийг вакцинжуулаад байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 16777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, 22 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна. Үлдсэн 23 нь ажиглан тусгаарлах байранд болон гэрэээр тусгаарлагдсан батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрлээ.

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-БНХАУ-аас коронавирусний эсрэг вакцин хандивласан. Энэ вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байхад манай улс иргэддээ хийх гэж байгаа нь зөв үү?

-Синофарм үйлдвэрийн вакцин бид хүлээж авсан. Сонифарм бол олон төрлийн вакцин үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн А вирус гипатитын вакциныг Монгол Улс өргөн хэрэглэдэг. БНХАУ-ын өөрийн оронд бүртгүүлсэн. Бид ДЭМБ-ын яаралтай хэрэглэх зөвшөөрлөөр энэ вакциныг хэрэглэж байгаа. ДЭМБ-аас гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл өгнө гэх мэдээлэлтэй байгаа. Хоёрдугаарт, олон жилийн туршлагаар тухайн амьд биетийг үхүүлээд, сулруулаад хийх нь үр дүнтэй гэж үздэг. Тиймээс энэ вакцин үр дүнтэй гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

-Вакциныг хэр удаан хугацаанд хадгалах горимтой байдаг вэ?

-Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийдэг. Бидний хийж байгаа энэтхэг вакцин бол -2-8 хэм буюу энгийн хөргөгчинд хийж болохоор, тасалгааны хэмд 6 цаг хадгалж болдог вакцин юм.  

-Эмч эмнэлгийн ажилчдаас хэдэн хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бэ?

-Эрүүл мэндийн нийт ажилчдаас хот хөдөөгүй шинжилгээ авдаг. Нийслэлд халдварын голомтод ажиллаж байгаа эмч нараас 14-21 хоногийн хугацаатай давтамжтай шинжилгээ авдаг. 

-Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болон ЭМ-ийн сайд Энхболд нарийн биеийн байдал ямар байгаа вэ. Вакцин хийлгэсэн эмч, эмнэлгийн ажилчдад сөрөг шинж тэмдэг илэрсэн үү?

-Оксфордын АстраЗенека вакцин хийлгэсэн иргэдийн 3-5 хувьд нь бие сулрах, ядрах, халуурах шинж тэмдэг гарч байгаа. Таны асуусан хоёр хүний хувьд урвалын шинж тэмдэг илрээгүй. Дөнгөж сая 10 минутын өмнө би ЭМ-ын сайдтай уулзаад, ажлаа ярилцаж байгаад гарч ирсэн. Урвалын шинж тэмдэг илрээгүй байгаа. 

-Коронавирусний шинжилгээ хадгалах сав зориулалтын бус байна гэх шүүмжлэл гараад байна. Шинжилгээ хадгалах сав дууссан юм уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй мянган хүнийг шинжилсэн. Сайн дурын шинжилгээг авахгүй. Албан болон хувийн шалтгаанаар хөдөө орон нутагт явах гэж байгаа болон голомтын өргөжүүлсэн тандалт хийх зорилгоор шинжилгээ авч байгаа. Улаанбаатар хотод одоогоор 14 цэг ажиллаж байгаа. 

-Одоогоор өдөрт хэдэн хүнээс шинжилгээ авч байгаа вэ?

-Шинжилгээний зорииулалтын саваар авч байгаа, урвалж оношлуурын нөөц хангалттай байгаа. Хоногт 15-16 мянган хүнд шинжилгээ хийж байна. 

-Астразенека вакциныг хэдэн ажилтанд хийгээд байна вэ?

-Эхний ээлжинд 14 мянган хүнд хийхээр төлөвлөсөн. Одоогоор 3112 хүнд хийгээд байна. 

 

Top