Халдвар авсан 31 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 48 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3000 болж, Улаанбаатар хот дахь халдвар авсан өвчтөний тоо 2155 хүрлээ.

Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотын шинээр бүртгэгдсэн тохиолдлууд БГД-7, БЗД-16, СХД-9, СБД-5, ХУД-11 байна.

Нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь буюу 2330 хүн эдгэрсэн байна. 

Эмнэлгүүдэд нийт 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, маш хүнд нэг хүн байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 13108 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 48 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хөдөө, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр халдвар авсан нь батлагдсан хүний ойрын хавьтал байна. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Top