Ботоксыг бүтээсэн эмч мөнх бусыг үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Анагаах ухаанд ашигладаг ботокс бэлдмэлийг анх гаргаж авсан АНУ-ын нүдний эмч Алан Скотт 90 насандаа өвчний улмаас өөд болсон тухай “Washington Post” сонинд мэдээлжээ.

Ботулиниум токсин гэх бодисыг Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд булчинг саажуулж, үхэлд хүргэдэг биологийн зэвсэг болгон анх гаргаж авчээ. Хожим нь эрдэмтэд энэхүү бодис нь дайнд хэрэглэхэд тохиромжгүй гэдэг дүгнэлтэд хүрч, токсины дээжийг Скоттод өгсөн байна. Нүдний эмч энэ бодисын суурин дээр ботокс гэж алдаршсан бэлдмэлийг гарган авчээ. Эхэндээ үүнийг эмнэлгийн зориулалтаар буюу нүдний хялрыг эмчлэхэд ашигладаг байжээ. 1991 онд эм үйлдвэрлэгч “Allergan” компани түүнийг бүтээлийг худалдан авч, ботокс хэмээн нэрлэсэн байна. Тухайн үед энэ бэлдмэлийг хэрэглэж байсан эмч нар болон “азтай” өвчтөнүүд ботокс нь нүдний хялрыг эмчлэхээс гадна нүд тойрсон үрчлээсийг тэнийлгэж буйг анзаарчээ. Хожим нь ботоксыг үрчлээний эсрэг гоо сайхны зориулалтаар ашиглаж эхэлжээ. Скотт эмч бүтээл нь ийм шинэ зориулалттай болсонд туйлын их гайхаж байжээ. Тэрээр “San Francisco Chronicle” сонинд ботоксын талаар өгсөн ярилцлагадаа “Амьдрал бол оньсого. Амьдралд болж буй бүх зүйл гайхамшиг юм” гэж байжээ.

АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын хяналтын агентлаг /FDA/ 2002 онд ботоксыг гоо сайханд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top