Африкаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин нь Монгол Улсад жил гаруйн өмнө анх бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, Дорнод аймагт 2021 оны наймдугаар сард анх илэрсэн тус өвчнийг хяналтандаа авах үүднээс манай улс яаралтай вакцинжуулалтын аян өрнүүлж, ОХУ-аас шаардлагатай тун вакциныг авчирсан байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар тус өвчний гол дамжуулагч нь ялаа шумуул бөгөөд тэдний нислэгийн идэвхжилт ихсэхээс өмнө эрсдэл бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 1,1 сая үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж, дархлаажуулалтыг 2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс 20 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.
Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин болох үхрийн арьс товруутах нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.
Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна.
Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсдэг ажээ.
Үхрийн арьс товруутах өвчний талаарх Мал эмнэлгийн ерөнхий газраас бэлтгэсэн нэвтрүүлгийг дор орууллаа.
Сэтгэгдэл ( 0 )