ДОРНОД: Хоёр суманд "Үхрийн арьс товруутах" өвчин батлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Хилийн хориот өвчний ангилалд багтдаг, малын гоц халдварт "Үхрийн арьс товруутах" өвчин өнгөрөгч зургадугаар сард Дорнод аймагт бүртгэгдэж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбогдох албаны хүмүүс хорио цээрийг тогтоон, малыг вакцинжуулах зэрэг арга хэмжээг шуурхай авч байгаа боловч, өвчний дэгдэлт буурахгүй байгаа бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай багийн нутаг "Ногоон бүрд" гэх газар, мөн тус газарт хил залгаа Баяндун сумын нутагт “Үхрийн арьс товруутах” өвчин дахин батлагдсан байна.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Мал эмнэлгийн газраас малчдад зориулан малаа үргэлж хариуллага, маллагаатай байлгаж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ. Мөн түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг сануулсан байна. 

Үхрийн арьс товруутах өвчин нь ялаа, шумуулаар дамжиж халдах эрсдэл өндөр учраас малчдад үхэр сүргээ аргалын утаагаар униар тавин утаж урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top