Европол түүхэндээ хамгийн том ажиллагаа явуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Европол Европын хэд хэдэн улсад тусгай ажиллагаа явуулж, хууль бусаар дүрвэгсдийг тээвэрлэдэг томоохон сүлжээг удирддаг олон арван хүнийг баривчилжээ.

Гэмт бүлэглэл сүүлийн нэг жил хагасын хугацаанд 10 мянга гаруй хүнийг Ла-Маншийн хоолойгоор дамжуулан Францаас Их Британид хууль бусаар гаргасан байна. Эл бүлэглэлийг Франц, Бельги, Герман, Их Британи, Нидерландад тусгай ажиллагаа явуулсны дүнд илрүүлжээ.

Ажиллагаанд эдгээр улсын олон зуун цагдаа оролцож, хууль бус дүрвэгсдийг завиар тээвэрлэдэг гэмт хэргийг зогсоох зорилгоор явуулж байсан хамгийн том мөрдөх ажиллагааг амжилттай гүйцэтгэжээ. Ажиллагааны үеэр хууль хүчнийхэн 1200 гаруй аврах хантааз, 150 завь, 50 завины хөдөлгүүр, олон арван мянган евро, галт зэвсэг, хар тамхи хураан авсан байна.

Тус бүлэглэл Германд завь, хөдөлгүүр зэрэг Туркээр дамжуулан Хятадаас оруулж ирсэн хэрэгслүүдийг хадгалдаг байжээ. Ингэхдээ тэд нэг завинд 20 хүртэл тооны хүн, нэг удаад 3.5 мянга хүртэл тооны хүн хууль бусаар гаргадаг байсан аж. Баривчлагдсан этгээдүүдийн ихэнх нь курд гаралтай хүмүүс гэнэ. Их Британид нэг эмэгтэй, нийт дөрвөн хүнийг саатуулжээ. Баривчлагдсан этгээдүүд 18-26 насны залуус гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top