Үерийн эрсдэлтэй бүсэд 2000 гаруй айл суурьшиж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өчигдөр / 2022.07.26 /хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна. 

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар  ажиллаж, усанд боогдсон  долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран,  аюулгүй байдлын ханган ажиллалаа. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 16, 8, 13, 38 дугаар хороонд Эрдэнэтолгой, Улаанхуаран, Техникийн зах дүүрэг орчимд үерийн усны 11 удаагийн дуудлага ирсний дагуу аюулгүй байдлыг хангасан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй юм.

Үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг удаа дараа авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлдөггүйгээс бэрхшээл үүссэн хэвээр байна.

Энэ тухайд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна” гэлээ. 

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(192.82.69.227) 2022 оны 07 сарын 27

Үерийн эрсдэлтэй бүсийг сонгож буусан эр зооигийн гайхамшигт гэр бүлүүдэд юу гэж хэлэхээ мэдэхгүй бна. Үхэр монголчуудын бас нэг шинж гэхээс....

0  |  0
Иргэн(66.181.181.98) 2022 оны 07 сарын 27

Үе шаттай шийдэхийг хүлээсэн хүмүүс үерт живэж үхэх нь тодорхой биш үү.

0  |  0
Top