Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах ажлууд шат, шатандаа хэрэгжиж байна. Тухайлбал, зарим цэцэрлэгүүд хүүхдүүдийг хүлээж авах бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууслаа. Тэдгээрийн нэг бол 9-р хорооны 163 дугаар цэцэрлэг юм. Тус цэцэрлэг нь Нийслэлийн тэргүүний цэцэрлэг бөгөөд гадна орчноо орчин үеийн стандартад нийцсэн байдлаар тохижуулж эко-ногоон орчныг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Тухайн цэцэрлэгийн талбайд хүүхдүүдэд зориулсан хүлэмж, нарийн ногоо үрслүүлэх талбар зэргийг шийдэж эрүүл, аюулгүй хүнсний ногоог багш, сурагчид хамтран тарьж жил бүрийн намар ургацаа хураадаг.
Доорх зурган дээр харагдах хүнсний ногоо, цэцэгнүүд нь 163 дугаар цэцэрлэгийн багачуудын өнгөрсөн 5,6 дугаар сард тарьсан суулгацууд боловсорсон нь энэ юм. Шинэ хичээлийн жил эхэлж хүүхдүүд шинэ ургацаа баяртайгаар хурааж авахад ийнхүү бэлэн болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн энэхүү тохижилт 2021 оны есдүгээр сард бүрэн дууссан бөгөөд стандартад нийцсэн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, туршилт танин мэдэхүйн талбай, WPC хавтангаар сандал, тайз, зэргийг хийж гүйцэтгэсэн. Мөн эко ногоон орчин бүрдүүлж зам талбайг засварлаж шинэчилсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )