Иргэний үнэмлэхний хураамж 3300 төгрөг болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Улсын бүртгэлийн үйлчилгээнд олон төрлийн үнэ, хураамжийг шат дамжлага болгонд авч иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг байсан. Тэгвэл энэхүү төлбөр, хураамжийн асуудлыг цэгцэлж, үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоосон байна. Уг тогтоолоор улсын бүртгэлийн 128 төрлийн үйлчилгээнд үйлчилгээний хөлс авдаг байсныг 86 болгон бууруулжээ. Өмнө нь иргэний үнэмлэх авахын тулд 4-5 шат дамжлага дамжин зургийн баталгаажилт хийлгэх, тэмдэгтийн хураамж, үнэмлэх, маягтын  үнэ зэргийг тушаадаг байсан бол одоо хураамжийг нэг л газар тушаадаг болсон байна. Иргэн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тэмдэгтийн хураамж 25 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 3300 төгрөгийг төлөх боллоо. Мөн төрсний болон нас барсныг, 16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэхэд үнэ төлбөргүй болжээ. Түүнчлэн үндэсний энгийн гадаад паспортыг хүчингүй болгох, шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг түүний шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэх, төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэрэг хаах, эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох зэрэг үйлчилгээнүүд үнэ төлбөргүй болоод байна. Энэхүү шинэчилсэн найруулгыг энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний нэгж газар, хэлтсүүд улсын хэмжээнд мөрдөж эхлээд байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top