”Playtime” хамтлаг, дуучдын мөрөөдлийг биелүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Зуны улирлын долоо хоног бүрийн сүүлчээр дэлхийн өнцөг булан бүрт амьд хөгжмийн наадам зохиогддог. Харин манай улсын хамгийн том амьд хөгжмийн "Playtime" наадам 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр гарч эхэлсэн түүхтэй. 

Амьд хөгжмийн шинэ үеийн төлөөлөл хамтлаг, дуучдын дуу хөгжмийг олонд хүргэх зорилготой энэхүү наадам жилээс жилд хүрээгээ тэлсээр байна. Бидний сайн мэдэх "Лемонс", "A Sound", "Bulsara" зэрэг олон хамтлаг, дуучид энэхүү наадмаар олонд танигдаж байсан. Анх таван хамтлаг оролцож 600 үзэгчтэй байсан "Playtime" -д эдүгээ 43 шилдэг амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөх юм байна.

Наадам Гачууртад байрлах "Монгол Шилтгээн"-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болно. Тус наадмын санаачлагч, ерөнхий продюссер Ц.Нацагдоржтой ярилцсанаа хүргэе.

-Удахгүй болох наадмын бэлтгэл ажил хэр байна. Анх "Playtime" наадмыг зохион байгуулах санаа хэрхэн төрөв өө. Энэ тухай яриагаа эхэлбэл ямар вэ?
-"Playtime" наадмын үүслийг ярихаасаа өмнө дэлхийд амьд хөгжмийн томоохон наадам хэрхэн үүссэн талаар яривал сонирхолтой байх болов уу. 1969 онд Америкт хэсэг амьд хөгжим сонирхогч залуус маш их мөнгөтэй, мөнгөө юунд үрэхээ мэдэхгүй байсан гэдэг. Тэгээд хоорондоо ярилцсаны эцэст том газар олоод "Woodstock-69" хэмээх амьд хөгжмийн наадмыг зохиохоор болсон байна. Тэдний төсөөлснөөр уг наадмыг 20-30 мянган хүн үзэх байх хэмээн тооцоолсон ч 500-гаад мянган хүн үзсэн гэдэг. Энэ нь тэднийг маш их амжилтад хүргэж, дэлхийн өнцөг булан бүрт амьд хөгжмийн наадам үүсч эхэлсэн. Энэ наадмын тухай гурван ангит баримтат кино хүртэл гарсан шүү дээ. 1969 оны үед "Хипи" урсгал залуусын дунд ихэд дэлгэрч, залуусыг романтик, соёлч боловсон сэтгэлгээгээр бүхнийг хийхэд чиглүүлж байсан юм билээ.

"Playtime" наадмыг Монголд анх 2002 онд зохион байгуулж байсан. Түүнээс хойш жил бүр уламжлал болон зохиогдсоор байна. Уг наадмаар монголын амьд хөгжмийн бүхий л төлөөлөл нэг дор цугларч, амьд хөгжмийн гайхамшгийг мэдэрцгээдэг гэж хэлж болно.

-Арван жилийн өмнөх "Playtime" ямар болж байв?
-Мэдээж хамгийн анхны гэдэг утгаараа дурсамж их бий. Таван хамтлаг оролцож, 600 хүн үзсэн. 1990-ээд оны үед монголын амьд хөгжмийн төлөөлөл болж байсан "Нисванис", "Чоно" гэх мэт хамтлагууд оролцож байсан. Өнөөдөр энэ наадам тэр үеийнхээс цар хүрээгээрээ ч, чанар чансаагаараа ч тэс өөр болсон. 2002 оноос хойш Монгол, АНУ, ОХУ, Өвөр монголоос нийт 400 гаруй хамтлаг, дуучин оролцож байгаа.

-Тэгвэл энэ жилийн наадам тэр үеийнхээс юугаараа өөрчлөгдсөн юм бол?
-Энэ жилийн наадамд нийт 43 хамтлаг, дуучин оролцоно. Үүнд олны танил хамтлагууд ч байгаа. Жилээс жилд хамтлаг, дуучид болон үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь наадмыг илүү өргөн цар хүрээтэй, чанартай болгож байна. Хөгжмийн дуугаралт ч тэр үеийг бодвол маш их сайжирсан. Олон урсгал чиглэлийн хамтлагууд оролцож байгаа гээд олон давуу талтай болсон. Мөн барууны орнуудад амьд хөгжмийн наадмыг яаж зохиодог шиг бид яг тэгж зохион байгуулах болно. Урьд нь наадам зааланд зохиогддог байсан бол энэ жил цэвэр агаарт хоёр хоногийн турш үргэлжилнэ гэдгээрээ
онцлогтой.

-Ингэхэд "Playtime" наадмын гол зорилго нь юу вэ. Энэ үеэр ямар ямар арга хэмжээнүүд зохиогдох вэ?

-Энэ наадмын зорилго бол шинэ залуу хамтлаг, дуучдыг дэмжиж, мөрөөдлийг нь биелүүлэхэд оршино. Шинэ, залуу хамтлаг, дуучид өөрсдөө гарч ирэхэд хэцүү асуудал олон тулгардаг. Хөрөнгө мөнгө, клип хийлгэхээс эхлээд л... Харин тус наадмаар дамжин хүмүүст хүрч, олонд танигдах боломж маш их байдаг. Цаашлаад рок, альтернатив урсгалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд манай наадам их хувь нэмэр оруулна гэж бидний зүгээс үзэж байна. "Playtime-2011" наадмын үеэр олон арга хэмжээ зохиогдоно. Тухайлбал, майхны хотхон буюу Playtime camp, шар айргийн хотхон, халуун хоолоор үйлчилж, галын наадам хийж, Playtime зах ажиллана. Мөн олон хөгжөөнт тэмцээнийг зохионо. 

Монголын амьд хөгжмийн шилдэг болон шинэ хамтлаг, дуучид оролцож, жинхэнэ утгаараа амьд хөгжмийн баярыг тэмдэглэнэ. Наадамд ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж, оролцоно. Хамтлаг, дуучид 16-ны өдрийн 11 цагаас шөнийн 00 цаг хүртэл тасралтгүй тоглоно. Дараа нь галын наадам хийнэ. Харин маргааш нь өглөөнөөс эхлээд шөнийн 00 цаг хүртэл тасралтгүй тоглож, амьд хөгжмийн гайхамшгийг тэнд очсон хүмүүст мэдрүүлэх болно. 

"Playtime-2011" наадамд рок, альтернатив, панк-рок, индипендэнт, метал чиглэлийн шалгарсан хамтлагууд оролцохоос гадна шинээр олон хамтлаг анх удаагаа оролцон тоглох гэж байна.

-"Playtime" Монголд дэлхийн жишгээр тоглогдож чадах уу?

-Дэлхийн маш олон оронд болдог зуны амьд хөгжмийн наадмын Монгол дахь хувилбар бол энэ наадам. Бид барууны орнууд энэ наадмыг яаж зохион байгуулдагтай адил "Playtime””-ийг хийхээр бэлтгэж байна. Хэрвээ үүнийг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, амьд хөгжмийг мэдэрмээр байвал заавал ирж үзээрэй. Хүмүүст хэлэхэд Playtime наадамд ирэхдээ мэргэжлийн камер авч орж болохгүй. Зөвхөн сонирхогчийн камерийг л зөвшөөрнө. Мөн гаднаас хоол хүнс оруулахгүй бөгөөд наадамд оролцохоор ирэгсэд майхантай ирж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top