Зарим иргэдийн дунд ирэх жилийн цагаан сарыг нэгдүгээр сарын сүүлээр, хоёрдугаар сарын дундуур болно гэсэн эргэлзээ байна.
Тэгвэл энэ талаар тодруулахад, "Төгс баясгалант" зурхайгаар монголчуудын уламжлалт цагаан сар буюу 17 дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн Шинийн нэгний өдөр 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр тохионо гэдгийг эх сурвалжууд хэллээ. Тэгэхээр Битүүн хоёрдугаар сарын 20-ны өдөр таарах юм.
Түүнчлэн Монголын цагаан сар зарим жилд Азийн төстэй орнуудын цагаан сарын өдрүүдтэй нэг сарын наана, цаана болдог нь Төгс баясгалант зурхайгаар илүү сар тооцоолж гаргадагтай холбоотой аж. Харин Азийн зарим орон буюу Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 22-ны өдөр болох юм.
Илүү сар гэж нийтийн тоололд зарим жил нэг өдөр нэмж, 366 хоногтой буюу өндөр жил болдгийн адилаар нар, сарны хосолсон тоололд дунджаар 3 жил тутам нэг сар нэмэхийг хэлдэг байна. Тухайлбал, одоо улиран одох Сайжруулагч хэмээх Усан бар жилийн зуны улирал нь илүү сартай байсан юм.