Өнөөдөр 2023.02.08. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандлаа. 18 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатар багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Татаж унадаг өвчин буюу эпилепситэй тэмцэх олон улсын өдөр. Мөн Гэрлэх санал тавих өдөр. Канадад өнөөдөр Гэр бүлийн баяр бол Шотландад Овъёосны баяр, Иранд Нисэх хүчний өдөр, БНАСАУ-д Зэвсэгт хүчний өдөр, ОХУ-д Оросын шинжлэх ухааны өдөр.
Өнөөдөр БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан, иодыг нээсэн Францын химич Бернар Куртуа, Францын зохиолч Жюль Верн, химийн элементийн үелэх системийг зохиосон Оросын эрдэмтэн Дмитрий Менделеев, ЗХУ-ын Ардын жүжигчин Вячеслав Тихонов, Италийн хөлбөмбөгч Роберто Сориано зэрэг алдартны мэндэлсэн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1947 оны энэ өдөр МАХН-ын 11 дүгээр Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
1963 оны энэ өдөр БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг баталжээ.
1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.
2016 оны энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, “Монголын алт” ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1815 оны энэ өдөр Венийн их хурлаар боолын худалдааг хориглох тухай тунхгийг баталжээ.
1816 оны энэ өдөр Шотландад цагдаагийн ажиллагааны үеэр дэлхийд анх удаа нохойг ашиглажээ.
1924 оны энэ өдөр АНУ-ын Невада мужид шоронгийн шүдний эмчийн санаачилгаар анх удаа гэмт хэрэгтнийг хорт хий ашиглан цаазалжээ.
1956 оны энэ өдөр Лондоны нэрийн хуудас болсон Даблдекер хоёр давхар автобус тээврийн үйлчилгээнд анх гарав.
1960 оны энэ өдөр Холливудын Алдрын гудамжинд анхны найман одыг байршуулжээ.
Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай.
Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )