ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Өнөөдөр 2023.02.15. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 07 цаг 59 минутад мандлаа. 18 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн өдөр. Афганистанд өнөөдөр Чөлөөлөх өдөр бол Канадад Төрийн далбааны өдөр юм.

Энэ өдөр Их Британийн дуучин Али Кемпбелл, Ямайкийн хөнгөн атлетикч, олимпын аварга Беверли Макдоналд, Чехийн хоккейч, олимпын аварга Яромир Ягр, Америкийн усанд сэлэгч, олимпын зургаан удаагийн аварга Эми Ван Дайкен, Их Британийн авто уралдаанч, “Формула-1”-ийн нисгэгч Жорж Расселл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Нийслэл хүрээг Барон Унгерны цэрэг эзэлжээ. Тэд гамингийн цэргийг хүрээнээс үлдэн хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан ноёд, лам нарыг суллажээ.

1929 оны энэ өдөр Богд ба бусад хутагт хувилгаадын хойд дүрийг дахин тодруулах явдлыг зогсоох шийдвэр гаргав.

2015 оны энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад албан ёсны айлчлал хийжээ.

2016 оны энэ өдөр XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд жанч халсан Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын лагшин шүтээнийг Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөжээ.

Өнөөдөр үс засуулвал Нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top