Гавьяатыг төрүүлсэн гавьяатай багш

2025 оны 03 сарын 08

Модон могой жил хаалга тогшиж ахуй цаг дор, бас монголчуудын төрт ёс, ард түмний цагаалгын их баяр айсуй цаг дор уламжлал ёсоор, ажил хөдөлмөр, алив бүхнээрээ манлайлсан хүмүүст Төр хишгээ хайрласны нэгэнд бидний багш маань байсанд мянга мянган шавь нарынх нь өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлж байна.

Бидний багш гэдэг нь тэртээ 1971 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн Ч.Сүрэнцэцэг багшийгаа хэлж байгаа юм. Тэр бээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Өмнө нь буюу 2021 онд эрхэм багшийн маань хань, математикийн нэртэй багш Г.Батболд багш маань мөн Монгол Улсын гавьяат багш болсон юм. Г.Батболд багш биднийг 8 дугаар анги төгсгөж, Ч.Сүрэнцэцэг багш бидэнд Монгол хэл, уран зохиолын хичээл зааж байсан аргагүй л гавьяатай багш нар билээ. Энэ онд төрөлх сумын маань 100 жилийн ой тохиож байгаа. Ойнхоо босгон дээр ийнхүү шагнагдана гэдэг юутай сайхан.

2021 онд Г.Батболд багшийнхаа гавьяатын мялаалгыг манай ангийнхан болоод сум орон нутагтаа байгаа үе үеийн төгсөгчид сумандаа тэмдэглэсэн юм. Энэ үеэр би бээр Ч.Сүрэнцэцэг багшдаа зориулж:

Ирээдүйн гавьяатын гэргий болно гэж

Эргэцүүлж байгаагүй нь ойлгомжтой

Харин урт холын замд

Хувирашгүй сайн хань нь байна гэж

Андгайлж байсан нь лавтай буюу

Тийм ээ, гавьяатын энтэй багш та

Гавьяатыг төрүүлсэн гавьяатан билээ... гэсэн хэдэн мөрт хэлхэж байсан нь өнөөдөр ийнхүү биеллээ оллоо.

Тэгээд ч, шүлэг найраг бол тарнилаг шинжийг агуулдаг гэж нэгэн суутан хэлсэн байдаг шүү дээ...

МЗЭ-ийн шагналт зохиолч, цэргийн сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Г.Баатарнум

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu