Сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн уралдаанд сэтгүүлч Х.Болормаа түрүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

 

"Нийтлэлч Отгонбаяр" сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн уралдаанд сэтгүүлч Хэнзээгийн Болормаа түрүүлж, 10 сая төгрөгөөр шагнууллаа.

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 3-ны хооронд зарласан билээ. Энэхүү уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн 27 бүтээл ирж, өчигдөр /2025.03.09/ сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодрууллаа. 

Оролцогчдоос ирүүлсэн бүтээл бүрд дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нийтлэлд "Нийтлэлч Отгонбаяр" сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрны шагналыг олгосон юм.

Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн бичсэн “Чоныг цагаатга” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд түрүүллээ. "Нийтлэлч Отгонбаяр" сангаас тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч Х.Болормааг батламж, цом, 10 сая төгрөгөөр шагнав.

Түүнчлэн, уралдаанд ирүүлсэн нийтлэлийн чансаа, сэтгүүлчдийн ур чадвар, онооны ойролцоо байдал зэргийг харгалзан үзэж тэргүүн дэд байрыг iToim, гэр бүлийнхнээс 3 сая төгрөгөөр, дараах дэд байрыг "Өндөр сэнтийт трейд" ХХК-ийн захирал Г.Цэрэндолгор 1 сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагналыг олгосон юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top