"Сэтгэл хямралаас үүдэлтэй өвчин нийгэмд ЗОНХИЛЖ байна"

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан:

Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлаас сэтгэлийн тайван тогтвортой байдал алдагдаж сэтгэл хямрал буюу \сөрөг урвал\ стресс, түүнээс үүсэх бусад өвчин нь өнөөдрийн нийгэмд зонхилж байна. Үүнд:

Сэтгэлийн хөдөлгөөн талаас: Сэтгэлийн тайван амгалан байдал алдагдах, хүлээц, тэвчээргүй, уур бухимдалтай болох, түгшүүрэлд автах, цочимтгой, аймхай болох, сэтгэл тогтворгүй болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унах, уй гашууд автах, ирээдүйд итгэх итгэл алдрах, арчаагүй үхээнц дорой байдалд орсон мэдрэмж төрөх.

Танин мэдэхүйн талаас: Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох “уймараа болох”, шийдвэр гаргах чадвараа алдах, орчны баримжаа хурц үедээ алдрах.

Төрх үйлийн талаас: Төрх үйл өөрчлөгдөх \унаган болон нийгмийн\, нийгмээс өөрийгөө тусгаарлагдах, хооллох гэх мэт биологийн хэрэглээний хэв загвар өөрчлөгдөх.

Бие махбодын талаас: Ядрах, нойр хямрах, хар дарах, толгой өвдөх, толгой эргэх, булчин чичирхийлэх, хөлс гарах, амьсгал түргэсэх, зүрхний цохилт олшрох, цусны даралт ихсэх, огиулах, гүйлгэх, шээс ойр ойр хүрэх, биеэр тууралт гарах, ходоод гэдэсний шархлаа гэх мэт илэрлүүд илэрдэг.

Сэтгэл хямрал бол туйлын их зовлонтой бөгөөд амьдралаа хянаж чадахгүй болох өөдрөг сэтгэлээ алдах, жаргалыг мэдэрч чадахаа болих шинжийг агуулдаг. Ойр дотныхноосоо үхлээр хагацах, өвчлөх, ажилгүй болох, халдварт өвчин дэгдэх, заримдаа сэтгэцийн хэвийн бус хямралд орох зэрэг нь сэтгэлийн хямралын урьдчилсан байдал болох талтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu