Зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрийг E-Mongolia-р иргэдэд мэдэгдэнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

Монгол Улс аж ахуй нэгж байгууллагуудад 268 тусгай зөвшөөрөл, 122 энгийн зөвшөөрлийг олгож байна. Үүнээс 178 тусгай зөвшөөрлийг цахимжуулж, “E-Business.mn” сайтад нэгтгэсэн. 

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03-р сарын 21-ний байдлаар 

  • “license.mn”-ээр 76,
  • “e-business.mn”-ээр 43,
  • Эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151,746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна. Үүний зэрэгцээ, Засгийн газраас зөвшөөрөлтэй холбоотой 50 журмыг цуцалсан аж. Гэсэн хэдий ч Засгийн газрын олон нийттэй харилцах төв болох 11-11 төвд зөвшөөрөлтэй холбоотой 72 санал, гомдол иржээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгохдоо баримт бичгийг нотариартаар батлуулан биеэр очиж төрийн албан хаагчтай харилцдаг нөхцөл байдал хэвээр байна.

 

 

Иймд, Монгол Улсын Засгийн газар дээрх асуудлыг өнөөдрийн /2025.03.36/ хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,

  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд нь асуудлыг шийдвэрлэх,
  • Зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах,
  • Хууль нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгож буй төрийн байгууллагуудад үүрэг болголлоо. 

 

 

Мөн 

  • Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад ХУР системийг ашиглах;
  • Зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг “E-Barimt”-р шалгах
  • Зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрийг “E-Mongolia”-р дамжуулан иргэдэд мэдэгдэх;
  • E-Business.mn системд зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээнүүдийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор багтаан нэгтгэхийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

 

Харин дээрх системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-т даалгалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu