Найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл юм.

 

 

Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель тус тус барихаар төлөвлөсөн. Жишээлбэл, Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барина. Нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлоцол бүхий орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннель, Хүннү хоттой холбогдож хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой. Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 27

Хийж чадах юм болов уу даа, ирээдүй цаг дээр тэгнэ ингэнэ гэж ярьхыг бол хэн ч чадна ш дээ, улс төрчид, сайд дарга нар бол бүр л гоё сайхан ярьсаар ирсэн, ярьсаар ч байгаа, цаашид ч ярьсаар л байх биз

0  |  0
Иргэн(66.181.180.9) 2025 оны 03 сарын 27

Энийгээ л рийгээд харуулаадах даа

0  |  0
Close menu