Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автомашины хөдөлгөөнийг хаалаа

2025 оны 04 сарын 10

Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд хэлэхдээ “Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 сар хүртэл, 10-11 сар хүртэл хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж буй. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа” гэв.

Монгол Улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu