Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

 

Бүсийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь бүсийн 5 аймгийн 92 сумын 415.2 мянган км² нутаг дэвсгэрт 416.4 мянган иргэнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан "Тэрбум" мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд алба хаагчид Ховд Сафари, Мөст сумын ЗДТГ-тай хамтран 6 га газарт 6400 мод тарьсан.

Аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд Онцгой байдлын газрын дэргэдэх “Гамшгаас хамгаалах иргэний танхим”-д сургалт дадлагад тогтмол хамрагдахаас гадна “Өсвөрийн аврагч” бүлгэмийг сургууль тус бүрт байгуулж, хүүхдүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна.

Түүнчлэн бүсийн хэмжээний алба хаагчдын сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, харилцан туршлага, дадлага солилцох арга хэмжээг хийж, англи хэл, монгол бичгийн болоод бусад бүх төрлийн сургалтад алба хаагчдыг хамруулж байгааг онцоллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян аймгийн Онцгой байдлын газар, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 48, 38, 70 дугаар анги болон Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санаа бодлыг сонссон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu